top of page
Elegant Abstract Background

ХАА-н салбарын хөрөнгө оруулалтын асуудал

Монголын инновацийн 7 хоног арга хэмжээ 05 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд "Нээлттэй инноваци" уриан дор 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан ба миний бие тус арга хэмжээний нэг хэсэг болох “ХАА-н салбарын Инноваци ба Хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэгт панелистаар оролцов. Цөөнгүй хүмүүсийн хүсэлтээр уулзалтанд ярьсан зүйлийнхээ гол санааг сийрүүлэн хүргэе.





ХАА-н салбар гээд ярихаар мэдээж эхлээд хүнсний хангамж ба чанарын асуудал яригдана. Манай ХАА-н салбар эрсдэлтэй нөхцөлд байгааг олон улсын байгууллагууд мэдээлээд эхэлсэн. Тухайлбал FAO-н тайланд ХАА-н салбарын бүтээгдэхүүний гарц, чанарыг сайжруулах шаардлагатай 40 оронд Монгол улс багтжээ. Монгол улс энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд тус салбар дахь санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол шаардлагатай. Эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг мөртлөө нийт хөрөнгө оруулалтын 1 хүрэхгүй хувь нь тус салбарт ордог.


Яагаад хувийн хөрөнгө оруулалт ХАА-н салбарт орохгүй байгаатай холбоотой гурван асуудал байна. Үүнд:


Нэг. НӨАТ-с чөлөөлсөн асуудал. Ер нь Монголын жижиг дунд бизнес дэх хувийн хөрөнгө оруулалтын харилцаанд тулгардаг нийтлэг 15 асуудлын нэг нь компаниуд хөрөнгө оруулагчдаа санхүүгийн мэдээллээ буруу мэдээлдэг байдал байдаг. ҮХАА-н салбарын ААН-үүдийг НӨАТ-с чөлөөлснөөрөө орлогын баталгаажилт байхгүй болчихсон. Үүнээс болоод компаниуд хөрөнгө оруулагчаа орлогоо нуудаг, мөнгөн урсгалын мэдээллээ буруу өгдөг гэх мэт олон асуудал үүсдэг. Энэ асуудлаас болоод маш их маргаан явдаг.


НӨАТ бол мэдээж татварын маш муу систем. Гэхдээ “чөлөөлөх” гэдэг нь НӨАТ байх ёстой үндсэн шаардлагаа хангахаа больчихсон. Бидний хувьд яг энэ санхүүгийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангахтай холбоотой аудит гэх мэт хамтын ажиллагааны загварыг хөгжүүлж байгаа ч энэ нь нэг талдаа өртөг өндөртэйгөөс гадна нөгөө талдаа хуулийн хэмжээний баталгаажилт болж чадахгүй байгаа юм.


Тиймээс ХАА-н компаниуд НӨАТ төлөгч болох ёстой. Энэ нь зөвхөн тус салбарын хөрөнгө оруулалтаас гадна гуравдагч талуудын оролцоог хангахад чухал үүрэгтэй.


Хоёр. Засгийн газрын тусгай сангуудын асуудал. Бид нар 2020 онд ЖДҮ-н газартай хамтраад нэг судалгаа хийж үзэхэд компаниудын талаас илүү нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх санхүүжилтыг төсөл хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хүсэлтэй байдаг. Энэ бол олон тусгай сангуудын нөлөө. Ингэж хийж байгаа нь ХАА-н салбарын компаниудыг хөнгөлөлтэй зээл гэдэг ойлголтруу хөтлөөд, хувийн хөрөнгө оруулалтаас зугтаах хандлагыг бий болгочихдог. Энэ хандлага нь тус салбарын компаниудыг институцийн хувьд хөгжүүлэх сонирхлыг хязгаарлачихдаг. Нэгэнт институцийн хувьд хөгжих сонирхолгүй болохоор тэнд үр ашгийн загвар, өсөлтийн стратеги ярилцах боломж муу болчихдог. Ер нь бол ХАА-н салбарт хөрөнгө оруулагчдын хандлага байгаа болохоор эх үүсвэр татан төвлөрүүлэхэд хүнд биш. Гэхдээ нөгөө талаас тэдгээрийг шаардлагыг хангасан компани олох нь маш хүнд.


Салбарын сайдын мэдээллийг харахад энэ онд 100 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хийгдэх бололтой юм билээ. Гэхдээ энэ нь хангалтгүй. Нөгөө талаас энэ бол тотаци. Тиймээс салбарын санхүүжилтын моделийг өөрчилж, илүү хөрөнгө оруулалт талруу нь чиглүүлвэл салбарын хөгжил, санхүүжилт, салбарын бизнес эрхлэгчдийн өсөлт гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Койнд 2 их наяд төгрөг хийчихсэн хүмүүс шүү дээ.


Гурав. ХАА-н бүтээгдэхүүн хямд байх ёстой гэдэг ойлголт байна. Энэ ойлголт төр олон нийтийн зүгээс маш их гардаг. Хямд байлгах гээд хичээхээр одоо яригдаад байгаа бүтээгдэхүүний чанар сайжирдаггүй, хүртээмж нэмэгддэггүй, энэ яригдаж байгаа сонирхолтой инновациуд нэвтэрдэггүй, дээрээс нь ажиллах хүчний асуудалд орчихсон. Үнэ, бүтээгдэхүүний үнэ цэнэ хоёр бол өрсөлдөх чадварын нэг зоосны хоёр тал. Ганц үнийг тухай ярихаар үнэ цэнэ гэдэг зүйл ярихаар эдийн засгийн хувьд боломжгүй болчихдог. Нэгэнт өрсөлдөх чадвар бага тул тус салбарт хөрөнгө оруулалт, энд яригдаад байгаа сонирхолтой инновациудын санхүүжилт гэх мэтийг ярих боломжгүй. Дахиад нэг зүйл хэлэхэд ХАА-н салбарт нийт ажиллах хүчний 20 гаруй хувь нь ажилладаг мөртлөө дундаж цалин нь хамгийн бага байдаг гурван салбарын нэг болчихсон. Салбарын бүтээгдэхүүнээ хямд байлгах сонирхолтой болохоор тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин бага байхаас өөр аргагүй.


Дүгнээд хэлэхэд өнөөдрийн загвар, хандлагаар явбал асуудал шийдвэрлэгдэнэ гэж харагдахгүй байгаа. Одоо бүгдээрээ хямд үнэтэй байх ёстой гэдэг ойлголтоос үнэ цэнэтэй байх ёстой гэдэг ойлголтруу, хөнгөлөлттэй зээл гэхээсээ илүү хувийн хөрөнгө оруулалтын асуудлуудыг хөгжүүлэх чиглэлээр илүү их ажиллах шаардлагатай. Үүний үр дүнд салбарын хөрөнгө оруулалт нэмэгдээд бэрхшээл болоод байгаа ХАА-н бүтээгдэхүүний чанар, хүртээмжийн асуудал нь олон эрдэмтэн судлаачдын хийсэн сонирхолтой инновациудын тусламжтайгаар шийдвэрлэгдэх боломжтой болно.




Реклам: ХАА-н салбарын хөрөнгө оруулалт, сонирхолтой төслүүдийн тухай мэдээлэл авахыг хүсвэл 9511-2189 дугаарын утсанд холбогдоорой.


Commentaires


bottom of page