Ерөнхий сайдын “Компаниуд эх оронч байгаарай” гэсэн мэдэгдлийг хараад, сар гаруйгийн өмнө манайд хамтарч ажиллахаар хүсэлт тавьсан нэг компани санаанд оров. Тэд “Монголд үйлдвэрлэдэггүй нэг төрлийн барилгын материалыг үйлдвэрлэж, барилгын компаниудад хямдаар зарах” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж яваа. Импортыг орлож, хямдаар зарах санаачилга энд тэнд нэг биш сонсогддог. Энэ бол бидний сонсох дургүй үг тул хамтарч ажиллахаас татгалзсан.
Гарааны, эсвэл жижиг дунд бизнесийн хувьд хямд үнийн стратеги нь нэвтрэлтийн үед маркетингийн зорилгоор байж болох боловч урт хугацааны хувьд тэднийг амжилтанд хүргэж чадахгүй. Жижиг дунд бизнесүүдийн хувьд борлуулалтын орлого чухал сорилт. Гэвч энэ бизнес амжилттай байхаас өөр ойлголт төдийгүй зөвхөн борлуулалтын орлого хангалтгүй. Хямд үнийг стратеги нь бизнес амжилттай өсч хөгжихөд шаардлагатай хэдэн хэдэн зүйлсийг бизнесүүдээс холдуулдаг.
Эдгээрийн нэг нь өрсөлдөх чадвар. Үнэ бол өрсөлдөх чадварын зоосны нэг тал. Нөгөө талд харилцагчдад өгөх үнэ цэнэ гэдэг чухал ойлголт бий. Бид гар утас, чихэвч, автомашин, ресторан, компьютер, хоол хүнс, хувцас гэх мэт өдөр тутам хэрэглэдэг зүйлстээ олон шалтгааны улмаас хамгийн хямдыг биш, хэрэглээндээ тааруулж арай өөрийг сонгодог. Тэд ч бусдын хэрэглээг даган өөрчлөгдөж, нэг талдаа үнэ цэнээ, нөгөө талдаа үнээ өсгөсөөр байдаг. Үнийн өсөлт бүрээр бизнесийн эзэд “ашиг хийдэг” гэж шууд ойлговол эндүүрэл болно. Ерөнхий сайд маань үүнийг ойлгохгүй байх шиг. Тэд илүү найдвартай хамтын ажиллагааг бий болгож, технологи нэвтрүүлж, хэрэглэгчдэд өгдөг үнэ цэнээ нэмэх дараагийн алхмуудаа хийдэг. За ерөнхий сайд ч яахав. Энэ тохиолдолд компаниудын хямд үнийн стратеги эерэг үр нөлөө үзүүлэхгүй. Энэ бүхний эцэст бизнесийн хувьд хэрэглэгчид, Ерөнхий сайдын хувьд ард түмэн хождог.
Бизнес амжилттай явахад бүтээгдэхүүнээс чухал зүйл нь бизнес загвараа бүтээх байдаг. “Шал мяа” гэж тодорхойлж болох олон бүтээгдэхүүнтэй бизнесүүд амжилттай явдаг. Өрсөлдөх чадвараас гадна найдвартай хамтын ажиллагаа, хөгжлийн цогц процесс бүхий бизнес загвар бүтээх нь чухал. Хямд үнийн стратегийг урт хугацаанд баримталснаар дунд хугацаандаа орлогын трак үүсгэж чадах боловч нийлүүлэгчидтэйгээ сайн харилцаа үүсгэх, хангалттай маркетинг хийх, хөгжлийн төслөө санхүүжүүлэх гэх мэтэд хүндрэл үүсдэг.
Хэрвээ бизнест өрсөлдөх чадвар, бизнес модел байхгүй бол алдах дахиад нэг зүйл нь санхүүжилт. Банк, эсвэл хөрөнгө оруулагчид хямд үнийн стратегид санхүүжилт хийх тохиолдол тун ховор. Ялангуяа мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд бизнесийн богино хугацааны эргэлтээс илүү урт хугацааны үр өгөөж, бүтээгдэхүүний үнэ цэнийн өсөлт нь тэдний шийдвэр гаргах үндэс болдог.
Эцэст нь… Өдрөөс өдөрт нэмэгдэж ханшийн эрсдэл өсч, бизнесийн орчин муудаж байна. Энэ мэт бодит эрсдэлээс гадна нэг л өдөр ижил төрлийн бүтээгдэхүүнийг нэгжийн өртгөөс нь хямдаар зах зээлд санал болгох чадамжтай том компани ороод ирэхийг үгүйсгэхгүй. Бид ийм нөхцөлд ажиллах зөв стратеги хайдаг. Үүнд “хямд үнээр зарна” гэдэг үг хамаарахгүй тул энэ төрлийн бизнесийг хөрөнгө оруулагч нарт танилцуулдаггүй. Энэ хандлага хөрөнгө оруулагчдын хувьд нийтлэг.
Бидний хувьд ч энийг зөвлөх үйлчилгээндээ тусгай зориулалтын нэгжийг нэмж, мөн Expreneur моделийг хөгжүүлж байгаа. Ингэснээрээ нэрлэсэн үнээ 3-5 дахин өсгөж, өнгөрсөн жилийнхээ орлоготой тэнцэх хэмжээний орлогыг энэ оны эхний улиралд үзүүлээд байна.
Хэрвээ та бүгд хямд үнийн стратеги баримталж байгаа бол дээр өгүүлсэн таскуудын тухай нэг удаа бодож үзэхийг зөвлөе.
Сонсох дургүй дараагийн үг: "Импортыг орлоё..." (Тун удахгүй)
Comments