Хөөрхий, миний муу хэдэн жинкэн жидүүчин найзууд. “Хэзээ нэгэн цагт баяжина даа” гэсэн нэг итгэл үнэмшилэрхүү юмтай, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөс гээд л гүйгээд байна уу? Зарим нь өөрсөддөө гарааны бизнес, энтрепренёр нтр гээд гоё гоё нэр өгчихсөн. За за уучлаарай, мөн л байх. Гэхдээ л... өдөр бүр төрдөг гомдол, цөхрөл, алдаа, татгалзлууд, олон олон нойргүй шөнүүд, гэр бүлийн эсэргүүцэл, үй түмэн эрсдэлээс үүсэх сэтгэл гутрал нь нөгөө талдаа цөөхөн тохиолдох багахан амжилт, жижигхэн урмын үгэнд арилан, өөртөө итгэх итгэлийг нь тэжээсээр... Яджаахад утасны төлбөр, түрээс, татвар гэх мэт жижиг жижиг нэхэмжлэхүүдээр булаастай. Зарим нь жаахан өрөнд орж морцон, утас мутас нь дугарангуут жаахан айдас майдастай, нулимсаа дотогшоо залгиж ч байх шиг.
Одоо тэгээд яах уу? Уйлах уу, эсвэл арай өөрөөр бодоод үзэх үү?
Та нар маш олон амжилттай бизнесүүд бөөн бөөн асуудалтай байдаг, мөртлөө эзэд нь саятнууд байдгийг мэдэх үү? Гаднаасаа маш сайхан харагдах ч балансын хувьд та бүгдийн төсөөлснөөс ч их алдагдал. Гэхдээ үүсгэн байгуулагчид нь дээр ярьсан сэтгэл гутралын асуудлыг хэдийн даван туулаад, итгэлтэйгээр урагшилж яваа. Бодит жишээ дурдмаар байвч болохгүй байлгүй дээ.
Яаж? Үүсгэн байгуулагчдын тэр сая сая төгрөг хаанаас гараад ирэв?
Одоо бүгдээрээ ашиг гэдгийг нэг барааг 3 төгрөгөөр бүтээгээд 5 төгрөгөөр зарна гэдэг хуучны хандлагаа л болъё. Та нарын гурван жил хойноос нь хөөцөлдөөд, нүдэнд үзэгдэж гарт баригдахуйц үр дүн бүтээгээгүй юм шиг санагдах бизнес чухамдаа юу вэ? гэдэг дээр нэг бодоцгооё.
Хүүхдээр бол гурван нас гэдэг бол хүмүүсийн бодит байдлаас суралцдаг, хошигнол ойлгодог, үзгийг зөв барьж сурдаг. Хааяа худлаа ярьж ч чаддаг гэнэ. Бичкэн юм байж. Энэ үед хүүхдийг хөдөлгөөнөөр дэмжиж, илүү их хайрлаж, амьдралын эхний дүрмүүдийг ойлгуулах шаардлагатай гэж судлаачид зөвлөдөг. Үүнтэй адилаар таны бизнес гурван нас хүрнэ гэдэг нь хэрэглэгчидтэйгээ бодит харилцаа үүсгэх чадвартай, бизнес модел нь тодорхой хэмжээнд төлөвшсөн, мөн илүү их хөгжүүлэлт шаардлагатай болдог. Гарааны бизнесийн хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа эхлээд 3-5 жил болсон бизнесүүдтэй хамтарч ажиллахдаа дуртай байдаг.
Төрөхөөс нь эхлээд өдийг хүргэсэн бизнес чинь дараагийн шатанд гарах цаг болжээ. Та ч мөн энэ хугацаанд хувь хүнийхээ хувьд илүү төлөвшиж, бас тууштай байж чадна гэдгээ харуулсан. Танд баяр хүргэе. Хөрөнгө оруулагчид 3-5 жилийг илүүд үздэг нь бас цаанаа учиртай юм шүү. Бизнесээ бие даасан хуулийн этгээд, өөрийгөө хувь хүн гэж ялгаж харах цаг бол яг одоо. Одоо түүнийг хөгжлийн төлөвлөгөө, хамтын ажиллагаагаар баяжуулан, компани болж төлөвшүүлэх эхний алхмыг хийж, нэмэлт санхүүжилтээр дэмжих шаардлагатай.
Дахиад л санхүүжилт, нөгөө ашиг хааччихав?
Та өөрийгөө тууштай байж чадна гэдгээ нэгэнт баталчихсан. Одоо хөгжлийн төлөвлөгөөгөө л боловсруулчихвал хүмүүс танд олон сая төгрөг өгөөд хамтарч ажиллахдаа бэлэн байна. Та энэхүү мөнгөөр бизнесээсээ гадна ярилцаж тохиролцсоны дагуу хувийн санхүүгийн асуудлаа ч зохицуулах боломжтой. Хөрөнгө оруулалт гэдэг бол компанийн ашгийг биш, компанийн ашгийн өсөлтийг хуваах тухай ойлголт юм шүү.
Харин таны өөрийн ашгийн хамгийн том хэсэг нь балансын тань хуримтлагдсан ашиг гэдэг хэсэгт биш, актив талд байгаа. Энэ бол дээр ярьсан 3 төгрөг, 5 төгрөгнөөс тэс өөр ойлголт. Бизнес чинь алдагдалтай байж болох ч таны өнөөдрийг хүртэл хийсэн хүчин чармайлт чинь хөгжлийн төлөвлөгөөтэйгөө нийлэхээр олон сая төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байдаг. Үүнийг мэдсэн хүмүүс л өөрийгөө болон бизнесээ үнэлэн алдагдалтай бизнестэй мөртлөө өөрөө саятан байж чаддаг юм.
Одоо уйлахаа түр азнаад өөрөөсөө “Би гурван жил ажилласан билүү?”, “Надад хөгжийн төлөвлөгөө байгаа билүү?” гэсэн хоёрхон асуулт асуугаад үзээрэй.
Comments